Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард аймгийн ихэнх нутгаар 1,2 – 6,9 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цахир, Тариат сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,4 – 2,5 градусаар хүйтэн, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 5,2 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 14,0 – 17,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 – 23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 11,0 - 16,0 градус хүйтэн байсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Төвшрүүлэх, Хангай, ӨндөрУлаан, Булган, Эрдэнэмандал, Цахир сумдын нутгаар 3,0 - 7,0 градус , бусад сумдын нутгаар 9,0 - 13,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хашаат сумдын нутгаар 49,0 градус, бусад сумдын нутгаар 41,0 – 47,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 13,0 – 19,0 градус хүйтэн байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр Тариат, Чулуут сумдын нутгаар ажиглагдаагүй, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат сумдын нутгаар 10 өдөр, бусад сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,4 – 14,4 мм хур тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэбулган, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хангай сумдын нутгаар түр зуур секундэт 20 - 24 метр хүрсэн байлаа. 10 м/с –ээс их салхитай өдөр Цэцэрлэг, Батцэнгэл, Хангай, Хайрхан сумдын нутгаар 21 - 27 өдөр, Тариат, Жаргалант, Хотонт, ӨндөрУлаан, Цахир, Эрдэнэбулган сумдын 11 – 15 өдөр, бусад сумдын нутгаар 7 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ сард аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд нь бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бод, бог мал төллөх, ямааны ноолуур самнах, малд тарилга хийх, туулга өгөх зэрэг ажил явагдаж байна. Энэ сарын 30 -ны байдлаар аймгийн нийт нутгаар хүйтэн салхи шуурга ихтэй байсан ч мал хаваржилт хэвийн байлаа. Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа